Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

ДЦУБ-ын Азийн бүсийн холбоо илүү сайн үйлчилгээ, эртнээс сэрэмжлүүлэхэд онцгой анхаарна

Шинэчлэгдсэн: 2024-03-18 10:47:34

ДЦУБ-ын Азийн бүсийн холбооноос 4 жилд нэг удаа болдог ээлжит хурлыг 2 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын  Абу Даби хотод зохион байгууллаа. Энэхүү хуралд Монгол улсаас Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, мэргэжилтэн Э.Эрдэнэбат нар оролцлоо.

Хурлын чухал асуудлын нэг болох хурдацтай хөгжиж буй цаг агаар, байгаль орчин, ус, уур амьсгалын үйлчилгээтэй хэрхэн хөл нийлүүлэх талаар анхаарлаа илүү хандуулсан байна. Уур амьсгалын өөрчлөлт, орчны доройтол, хүн амын өсөлт, хотжилт нь Азийн бүс нутгийн усан хангамжинд ихээхэн нөлөө үзүүлж байна. Түүнчлэн цаг агаарын аюултай үзэгдлээс улбаатай хөнөөлийн хэмжээ  өссөөр байна.

ДЦУБ-ын Азийн бүсийн холбоо нь 35 гишүүн оронтой. Энэ бүс нутаг үер, элсэн болон шороон шуурга, тропикийн циклон, хэт, халалт, цочир хүйтрэлт гэх мэт байгалийн олон төрлийн гамшигт үзэгдэл ихээр тохиолддог. Эдгээр дээр нэмэгдэн агаарын бохирдол сэтгэл түгшээсэн асуудал болж байна.

“2016 он бол түүхэн дэх хамгийн халуун жил байв. Энэ нь хүчтэй Эль-Нино болон удаан хугацааны турш үргэлжилсэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн улмаас үүдэлтэй юм” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петер Таалас хэллээ.

Сүүлийн 10 жилд Азийн бүсийн улс орнуудад цаг агаар, уур амьсгалын үзэгдлүүдийн эрч, давтамж огцом өссөн нь аюул учруулж байна. Тухайлбал, Зуны сүүлчээр Энэтхэг, Ирак, Иран, Кувейт зэрэг улс оронд 50 градусаас давж халлаа. Хятадын Хөх мөрөнд 1999 оноос хойш тохиолдоогүй их үер болж 14 тэрбум америк долларын хохирол учруулав. Мөн Шриланкад болсон үер, хөрсний нуралтын улмаас хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 2016 оны 1 дүгээр сарын сүүлчээр Хятадын зүүн хэсгээс Тайландын хойд хэсэг хүртэлх нутаг дэвсгэрийг хамарсан хамгийн онцгой хүйтрэлт болсон зэргийг дурьдаж болох юм.

Хурлын бас нэгэн чухал асуудал нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээний хэрэгжилтийг хэрхэн дэмжих талаар хуралд оролцогч улс орнууд санал бодлоо солилцсон байна. Түүнчлэн “Гурав дахь туйл” хэмээгдэх болсон Гимлайн бүс нутагт даян дэлхийн цаг агаар, уур амьсгалын ажиглалт, мэдээллийн системийг сайжруулах талаар  хөндөн ярилцжээ.

Хуралд оролцогч улс орнууд ус цаг уурын үйлчилгээний менежмент, бүс нутгийн тэргүүлэх чиглэлийн талаар туршлага хуваалцаж, санал солилцсон өндөр ач холбогдолтой болж өнгөрөв. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус хуралдааныг Арабын нэгдсэн Эмират улсын Засгийн газраас санхүүжүүлэн зохион байгуулжээ.