Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

Завхан аймгийн уур амьсгалын тодорхойлолт

Шинэчлэгдсэн: 2018-09-21 15:33:25

            Завхан аймгийн уур амьсгалын тодорхойлолт

       Завхан аймаг 82 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай. Хангайн нуруу түүний ноён оргил Отгонтэнгэр /4031м/,  Хангайн нуруунаас салбарласан далайн түвшнээс 2500-3100м өргөгдсөн Ганц, Загастай , Дахт ,Солонгот, Халзан Согоот зэрэг сүрлэг өндөр уулс даваануутай.

     Хангайн нурууны  гол хэсэг, түүний салбар уулсууд оршдог бөгөөд хойд ба   зүүн хойд, зүүн хэсгээр Тагна, Булнай, Тарвагатайн, Хангайн нуруу, баруун хойд хэсгээрээ Хан Хөхий, баруун өмнөд хэсгээр Алтайн нурууны салбар уулсаар тус тус  хүрээлэгдэн, далайн мандлаас өндөр өргөгдсөн уулархаг гадаргатай, баруун, баруун өмнөд хэсэгт бага зурвас цөл говийн бүс, их нуурын хотгорт орших тул элсэн цөлийн нөлөө ихтэй. Энд Дөрвөлжин, Ургамал сумдын нутаг хамрагдаж  782,6 мянган га талбайг эзлэх  хамгийн хойш түрэн тогтсон Борхяр, Монголын элсэн цөл үргэлжилнэ.

    Завхан аймгийн нутаг дэвсгэр нь Хангайн нурууны усны хагалбар савд багтаж байдгаас усан хангамж нь байгаль газар зүйн бүс болгонд харилцан адилгүй. Хангайн гол нуруунаас эх авсан Идэр, Тэс, Буянт, Завхан голуудтай. Эдгээр голуудад Тэгш, Чигэстэй, Богд, Шар ус, Буянт, Ширээ, Яруу, Зайгал, Хацавч, Зарт, Хожуул зэрэг голууд усаа нийлүүлж цутгадаг.

    Дулааны горим

       Агаарын температур нь аливаа нутгийн уур амьсгалын үндсэн шинжийг илтгэгч гол үзүүлэлт болдог. Завхан аймгийн нийт нутаг хотгор гүдгэрийн ялгаа ихтэй учраас өвөл, зуны температурын хэлбэлзэл ихтэй байдаг .

     Олон жилийн агаарын температур 0,7 градусаас хасах 6,9 градус хэлбэлзэнэ. Өөрөөр хэлбэл жилийн дундаж температурын агууриг 7,6 градус болж байна. Жилийн дундаж агаарын температур аймгийн нутгийн баруун, баруун өмнөөс зүүн, зүүн хойшоо хүйтэрсэн тархалттай байна.

      Жилийн хүйтэн сар нь аль ч нутагтаа 1 дүгээр сар байх бөгөөд аймгийн хойт болон зүүн хэсгээр сарын дундаж  температур 28-32 градус хүрч, хахир хүйтэн өвөл  болдог байна. Зарим хүйтэн өвөл Хангайн нуруу, Тарвагтай, Булнай, Тагнын нурууны сав нутгаар 49-56 градус хүрч хүйтэрнэ.

      Жилийн  дулаан сар нь 7 дугаар сар байх бөгөөд хамгийн дулаан нь Завхан голын дагуу Монгол элсний ар орчим болон их  нуурын хотгорын сав орчмоор 17-21 градус бусад нутгаар 14-18 градус дулаан байна.

       Зуны улиралд хөрсний гадаргад 54-68 градус хүртэл халдаг учраас хөрсний гадаргын температурын хэлбэлзэл бүр ч их / 110-127/ байна.

2.Чийгшлийн горим

     Жилийн дулаан улиралд харьцангуй чийгшил уулархаг нутгаар 40-79 хувь, говь их нуурын хонхорт 25-45 хувь байна.

Жилд 30 хувиас бага чийгтэй өдрийн тоо уулархаг нутгаар 50-90 хоног, говь хээрийн нутгаар 80-120 хоног байгаагаас үзэхэд тус аймгийн говь болон их нуурын хонхорт агаар нилээд хуурай байна. Сүүлийн  жилүүдэд  өдрийн харьцангуй чийгшил 5-8 хувь хүртэл буурах тохиолдол ихсэж байна.

3. Хур тунадасны горим

    Хур тунадасны хэмжээ нийт нутгаар харилцан адилгүй байх бөгөөд Хангайн нуруу, Булнай, Тарвагатай,Тагнын нуруу, өндөр уулсын нутгаар 199-238мм, говь болон их нууруудын хонхороор 83-110мм, бусад нутгаар 115-192мм тунадас ордог.

4. Салхины горим

     Завхан аймгийн нутагт жилийн дундаж салхины хурд ууландаа 2.0м/с, говь хээрт 3.1м/с хүрнэ. Ялангуяа хавартаа салхи ихтэй байдаг. 15м/с –ээс дээш хүчтэй салхитай өдрийн тоо олон жилийн дунджаар 7-22 байна. Салхины хамгийн их хурд 20-40м/с хүрдэг байна. Шороон шуургатай өдрийн тоо уулархаг болон тал хээрийн бүс  нутгаар 29-76 хоног, харин Улиастай, Дөрвөлжин сумдын нутгаар 80-105 хоног  байдаг байна. Өвөл зунд салхины зонхилох чиглэл солигдож хавар намар шилжилтын байдалтай байх боловч орчны урсгал, газар нутгийн нөлөөнөөс өвөрмөц байдалтай байдаг.

 

Мэдээлэл бэлтгэсэн:

Уур амьсгал, үйлчилгээ хариуцсан  инженер С.Цацрал

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Завхан аймгийн уур амьсгалын тодорхойлолт 2018-04-02 2018-09-21 246
Төлөв байдлын тайлан 2018-02-26 2018-09-21 259
Уур амьсгалын тодорхойлолт 1 2016-11-08 2018-09-20 201