Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

“ЗАВХАН АЙМГИЙН ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ” ХӨРСНИЙ 2017 ОНЫ ТОВЧ ТАЙЛАН

Шинэчлэгдсэн: 2024-03-26 09:08:44

“ЗАВХАН АЙМГИЙН ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛАХ”  ХӨРСНИЙ 2017 ОНЫ ТОВЧ ТАЙЛАН

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 14-ний 90 дугаар тогтоолоор баталсан Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны II  үе шатны төлөвлөгөөний дагуу ЦУОШГ-ын хөдөө аж ахуйн зогсоол цэгүүдэд түшиглэсэн цөлжилтийг үнэлэх хөрсний анхан шатны  хяналт шинжилгээг хийж ажиллалаа.

Завхан аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний газрын Байгаль орчны хяналт шинжилгээний лабораторийн инженер, техникчид, хэмжлийн технологи хариуцсан ерөнхий технологич инженер, цаг уурын ахлах техникч болон сумдын цаг уурын өртөө, харуулын ажиглагч нартай хамтран сумуудын зогсоол цэгүүдэд хөрсний судалгаа хийгдэв.Үүнд:

2017 оны 08 дугаар сарын 04-11-д Завхан аймгийн Отгон сумын 6, Шилүүстэй сумын 4, Цагаанчулуут сумын  4, Цагаанхайрхан сумын 4 цэг, 08 сарын 21-26-д Нөмрөг сумын 5 цэг, Түдэвтэй сумын 4 цэг, Баянхайрхан сум 4 цэг  нийт 7 сумын 31 зогсоол цэгээс 279 хөрсний дээж авч анхан шатны судалгаанууд хийгдсэн.

Зогсоол цэгийг тулгуурлан  анхан шатны чанарын 14 үзүүлэлтээр  тодорхойлов. Үүнд: Мониторингийн цэгийн байршил,  хөрсний зүсэлтийн бичиглэл, морфологи бичиглэл, өнгөн хөрсний эвдрэл, шугаман эвдрэл, элсэн хуримтлал, ялзмагт давхаргын зузаан, давсжилт, урвалын орчин, ялзмаг, эзэлхүүн жин, агрегат бүтэц, хөрсний нягт, ус нэвтрэх чадвар зэрэг  үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийлээ.

Хөрсний мониторингын судалгааны ажлыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-114 тушаалаар батлагдсан “Цөлжилтийн хяналт шинжилгээний заавар”-ын дагуу хийгдсэн болно.

Хөрсний судалгааны  газар дээр тодорхойлсон үр дүн:

  1. Хөрсний мониторингийн талбай:

Тухайн зогсоол цэг бүрт  20*20м талбайн сонголт хийн хойшоо, урагшаа чиглэсэн байдалтай авч, ЗУ/зүүн урд/ цэгээ төв цэг болгон хаягжуулан  БУ, БХ, ЗХ цэгүүддээ газрын гадаргаас дээш 10см гадас зоож, цагаан өнгийн будгаар будаж тэмдэгжүүлж, координат тодорхойлон стандартын дагуу зураг аван баталгаажуулсан.

  1. Хөрсний мониторингийн талбайн газар зүйн мэдээлэл

 Газар зүйн тухай мэдээлэл: Аль бүсэд хамаардаг талаар дэлгэрэнгүй, газрын гадаргын мэдээлэл, газрын хэвгий, ургамлан нөмрөг, ургамлын бүлгэмдэл, голлох зүйлийн бүрэлдэхүүн, ургамлын бүрхэвчийг хувиар илэрхийлэн, хөрсний гадаргын байдал чулуугаар хучигдсан эсвэл хад асгатай эсэхийг ажиглаж бичилт хийгдсэн.

  1. Хөрсний зүсэлтийн морфологи бичиглэл

Хөрсний морфологи бичиглэл нь тухайн хөрсний шинж чанарыг тодорхойлох анхан шатны тулгуур материал болохоос гадна, хөрсний гарал үүсэл, хөрс үүсвэрийн үйл явцуудыг судлах хээрийн судалгааны гол арга юм.

  1. Өнгөн хөрсний эвдрэл:

 Хөрсний эвдрэл нь өнгөн хөрсний эвдрэлээр эхэлж, цаашид улам гүнзгийрдэг. Иймээс хөрсний эвдрэлийн эхлэл, анхдагч үйл явцыг үнэлэх дүгнэх ихээхэн чухал юм. Хөрс нь газрын гадаргад жигд биш тархдаг, мөн гүний шинж чанарыг тодорхойлоход төвөгтэй учраас  элэгдэлийн үйл явц, ул мөрийг үнэлж дүгнэх нь ихээхэн нарийн төвөгтэй. Монгол орны хөрсний эвдрэл нь ус болон салхины үйл ажиллагаа хосолсон байдаг. Уулархаг газар усны эвдрэл давамгайлдаг байхад, талархаг газар салхины эвдрэл зонхилно. Ямар нэгэн газрын хөрс элэгдэл эвдрэлд орж байхад өөр нэг газар элэгдэлд орсон хөрсний хуримтлал үүсдэг. Иймээс хөрсний эвдрэл хуримтлалын үйл явц салшгүй холбоотой. Хөрсөнд байгалийн элэгдэл эвдрэлийн үйл явц байнга явагдаж байдаг. Хөрсний эвдрэлийн эрчим нь хур тундас, газрын налуу, гадаргын ургамал бүрхэвч, хөрсний өөрийн шинж чанараас хамаарна. Мөн хүний үйл ажиллагаагаар хөрсний эвдрэл үүсдэг.      

       Судалгаанд хамрагдсан нийт 7 сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын зогсоол цэг дээр хөрсний эвдрэлийг тодорхойлж үзэхэд   25,8% нь бага зэргийн 1-р зэргийн эвдрэлтэй, 6,4% нь эвдэрлийн толбо үүссэн 2-р зэргийн эвдрэлтэй дунд ба хүчтэй эвдрэлд орсон цэг ажиглагдаагүй байна.

Отгон сум: Баян булаг багийн Асгат цэгүүд нь 2014 онд 1-р зэргийн эвдрэлтэй байсан бол 2017 оны судалгаагаар 2-р зэрэгт шилжсэн.  Хужирт багийн Овоот толгой,Бадрал баг Цоройдог цэгүүд нь 2014 онд 1-р өнгөн хөрсний эвдрэлтэй байсан бол 2017 онд эвдрэлгүй, Онц багийн Тосон хант 2014 онд 2-р зэрэг эвдрэлтэй байсан харин энэ оны судалгаагаар 1-р зэргийн эвдрэлтэй  болж  тус тус сайжирсан  бусад багууд хэвийн түвшинд байна.

Шилүүстэй сум: Сайхан багийн Хатуугийн эх, Баян улаан багийн Уулын өвөр цэгүүд нь уулын үерийн улмаас энэ оны судалгаагаар эвдрэлгүй зэргээс өнгөн хөрсний 1-р зэрэгт шилсэн,бусад багуудын хувьд эвдрэлгүй байлаа.

Цагаанчулуут сум: Цагаанчулуут сумын цэгүүдийн хувьд өнгөн хөрсний эвдрэлгүй байлаа.

Цагаанхайрхан:  Агьт багийн Их Ян 2014 оны судалгаагаар өнгөн хөрсний эвдрэлгүй байсан бол энэ оны судалгааны дүнгээс харахад уулын үерийн улмаас 1-р зэргийн эвдрэлд өртсөн шинжтэй байлаа.

Нөмрөг: Нуур багийн Хүзүүвч цэг нь 2014 онд 1-р зэргийн эвдрэлтэй байсан бол 2017 онд 2-р зэргийн эвдрэлд орсон ажиглагдаж байна судалгааны дүнгээс харахад хулганы нүх их хэмээгээр нэмэгдсэн харагдаж байлаа.

  1. Хөрсний шугаман эвдрэл

Хөрсний шугаман эвдрэл тухайн зогсоол цэг бүрийн сонгосон талбайд 1км талбайд эвдрэлтэй хэсгийн гуу жалганд 100*100 метрт 3 гадас стандартын дагуу зоон,  1км талбай доторх хөрсний эвдрэлийг тодорхойлж , зураг аван  координат тодорхойлсон.

   Хөрсний шугаман эвдрэлд гуу жалга мөн хөрсөн бүрхэвчийн авто замын эвдрэл орно.   Судалгаанд хамрагдсан нийт 7 сумын  31 зогсоол цэгээс хөрсний шугаман эвдрэл 20 газар ажиглагдав.Үүнд:

  • Авто замын эвдрэл - 15
  • Голын эргийн эвдрэл-1
  • Гуу эвдрэл-3
  • Жалганы эврдэл -1 ажиглагдав.

Шилүүстэй сумын Хөгжил багийн Хацрын бууц нь Жалганы эвдрэлтэй 2014 оны дүнтэй харьцуудахад жалганы дунд хэрэгт 0,17 метрээр жалганы эрэг нурсан байдалтай байлаа.

Цагаан хайрхан сумын Агьт багийн Их Ян цэг нь 2017 оны судалгаагаар эрэг нь эхэн хэсэгтээ 0,67 метр эвдэрсэн мөн 0,8 см элсэн хуримтлал үүссэн, дунд хэсэгтээ 0,71 метр эвдэрсэн мөн 1,2 см элсэн хуримтлал үүссэн байлаа.

Нөмрөг сумын Дархан уул багийн Баян ухаа цэг нь гуунаас үүдэлтэй шугаман эвдрэлтэй. 1-1,4 см ялмагт давхарга нь нимгэрсэн байлаа.

Түдэвтэй сум: Ойгон багийн Баян айраг цэг нь гууны шугаман эвдрэл, Баянцагаан багийн Хавцгайт цэг нь голын эргийн эвдрэлтэй байлаа судалгааны дүнгээс харахад: Баян айраг цэгийн гууны дунд хэсэг нь 1 см-ээр ялмагт давхарга нь нимгэрсэн байлаа харин Баян цагаан багийн эргийн эвдрэл хаврын шар усны үерийн улмаас болж 2 метрээр эрэг нурсан үзүүлэлттэй байлаа.

  1. Элсэн хуримтлал

      Хөрс салхиар элэгдэхэд нарийн ширхэгтэй тоос, шаварлаг хэсгүүд хийсэж том ширхэгтэй элсэн хэсгүүд ихэвчлэн бут, сөөг, чулуу, янз бүрийн саадны орчим хуримтлал үүсгэдэг. Элсэн хуримтлалын үнэлгээгэдэг нь нийт элсэн хуримтлалын эзлэх талбай болон өндрийг хэмжиж үнэлнэ.Элсэн хуримтлалын талбайг шугаман торлолын аргаар элсэн хучаасны талбайн хэмжээг тодорхойлно.

Цөлжилтийн ажиглалт хийсэн цэгүүдээс Отгон сумын Соёл багийн Бумбат оргиу 13 см, Цагаан хайрхан сумын Цэцэрлэг багийн Гурван өтөг цэг нь 6 см, мөн Нөмрөг сумын Нуур багийн Хүзүүвч цэг 12 см элсэн хуримтлал хулганын нүхээр шинээр үүсэж байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.

Цагаан чулуут багийн Дөрвөлжингийн өвөр цэг нь 2014 онд элсэн хуримтлалын 7 см байсан бол энэ оны судалгаагаар 34 см  өндөр болж элсэн хуримтлал нь ихссэн үзүүлэлттэй харагдаж байна.

Харин 2014 онд Отгон сумын Хужирт багийн Гэцийн ар нь 13 см, Цагаанчулуут сумын Дэлгэр багийн Хөшгийн ар хоолой нь 7 см элсэн хуримтлал үүссэн нь багасч хулганы нүх устасан сайн талтай байлаа.

  1. Ялзмагт давхаргын зузаан

Отгон сум:  Соёл багийн Бутмат Оргиу 0,5-0,8 см Бадрал багийн Цоройдог 0,2 см өнгөн хөрсөнд элсэн хуримтлал үүссэн ажиглагдаж байлаа.

Шилүүстэй сум: Сайхан багийн Хатуугийн эх 1 см, Баян улаан багийн Уулын өвөр цэг нь 3,1 см элсэн хуримтлал өнгөн хөрсөнд үүссэн харин Хөгжил багийн Хацрын Бууц цэг нь 2,6 см-р ялмагт давхарга нэмэгдсэн харагдаж байлаа. Чандмана баг Шилүүстэй уул цэг нь уулын үерийн улмаас жижиг чулууны үйрмэгээр 5 см өнгөн хөрсөнд үүссэн байсан.

Нөмрөг сум: Дархан уул багийн Баян ухаа цэг нь 2,7  ялмагт давхарга нэмэгдсэн харагдаж байлаа. Хайрхан баг Аргуу цэг нь 4,1 см ,Баян зүрх багийн Чирэнгэт цэг 1 см  уулын үерийн улмаас жижиг чулууны үйрмэг  өнгөн хөрсөнд үүссэн байсан.

 

  1. Хөрсний дээж авалт

Хөрсний дээжийг  үе давхарга тус бүрээр 0-5, 5-10, 10-20, 30-50, 60-80 см гүнд авсан.  Дээж тус бүрийн бюксэн дээр этикетка бичиж ангилсан. Үүнд: Зүсэлтийн  дугаар, газрын нэр, гүн, он сар өдөр.       

  1. Хөрсний ус нэвтрүүлэх чадвар:

Хөрсөнд ус хэр зэрэг хурдан нэвтэрч байгааг хөрсний ус нэвтрүүлэх чадвараар хэмжинэ. Ус нэвтрүүлэлтийн зэрэглэл бага байвал хөрсний гадаргад тогтоол ус бий болох ба тэр нь налуугаа дагаж урсан хөрсний элэгдэл эвдрэл буюу угаагдлыг үүсгэнэ. Хөрсний ус шүүрэлтийн зэрэглэлийг тодорхойлох нь хөрсний нягтшил, ус ба агаарын горимд дүн шинжилгээ өгөх ач холбогдолтой. Хөрс бүтцээ алдаж нягтарч хатуурахад ус нэвтрүүлэх чадвар их буурна. Ус  нэвчилтийн эрчмийг  цагт / мм- ээр илэрхийлнэ. Завхан аймгийн 7 сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын 31 зогсоол цэгт 4 давталтаар хөрсний ус нэвтрүүлэх чадварыг дан цагирагын аргаар тодорхойлно.

Хөрсний ус нэвтрүүлэлт

Д/д

Сумын нэр

                       Ус  нэвтрүүлэлтийн зэрэглэл

1

Нөмрөг

                                                159.3

2

Баян хайрхан

227.6

3

Түдэвтэй

184.1

4

Цагаан хайрхан

418.2

5

Цагаан чулуут

494.4

 6

Шилүүстэй

237.5

7

Отгон

190.8

 

 Хяналт шинжилгээний дүнгээс харахад Н.Хюнт, Б.Гилкэс-1992 зэрэглэлээр  дунд зэргийн зэрэглэлд 90.3 хувь, хурдавтар зэрэглэлд 9.7 хувь  нь хамрагдаж байна.

Хөрсний судалгааны лабораторийн үр дүн

Судалгааны мужууд:

  1. оны судалгаанд дараахь зогсоол цэгүүд хамрагдлаа. Үүнд:

Отгон сум

  • Онц баг Тосон хант
  • Соёл баг Бумбат Оргиу
  • Бадрал баг Цоройдог
  • Буянт баг Намын ар
  • Хужирт баг Овоот толгой

Шилүүстэй сум

  • Сайхан баг Хатуугийн эх
  • Баян улаан баг Уулын өвөр
  • Хөгжил баг Хацрын бууц
  • Чандмана баг Шилүүстэй уул

Цагаанчулуут сум

  • Арц баг Арцын өвөр
  • Жавцаг баг Дөрвөлжингийн өвөр
  • Дэлгэр баг Хөшгийн ар хоолой
  • Баян хайрхан баг Доод хавтгай

Цагаанхайрхан сум

  • Онц  баг Гурван цувраа
  • Цэцэрлэг баг Гурван өтөг
  • Баян булаг баг Хар хужирт
  • Агьт  баг Их ян

Нөмрөг сум

  • Дархан уул баг Баян ухаа
  •  Нуур баг Хүзүүвч
  • Хүдрэг баг Өвөршивэртэй
  • Хайрхан баг Ар гуу
  • Баян зүрх баг Чирэнгэт

Түдэвтэй сум

  • Аргалант баг Шар нуруу
  • Цорго баг Баруун Аргалант
  • Ойгон баг Баянайраг
  • Баян цагаан баг Хавцгайт

Баянхайрхан сум

  • Минж баг Дугуйн өвөр
  • Наран баг Овоот
  • Асгат баг Шувууны бааст
  • Төөнт баг Цагаан өтөг зэрэг зогсоол цэгүүдэд дараах шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэлээ.

      Агрегат бүтэц тодорхойлж байгаа нь     

Шинжилгээний үр дүн:

2017 оны 7 сумын 31 зогсоон цэгийн шинжилгээний дүн

д/д

Сумын нэр

Хөрсний агрегат бүтэц

Хөрсний урвалын орчин

Хөрсний давсжилт

Хөрсний нягт

Ялзмагийн нөөц

Агрегат бүтцийн дундаж хэмжээ, хувь (хуурай шигшсэн аргаар)

pH-ийн дундаж хэмжээ

Давсжилтийн хэмжээ, хуурай үлдэгдлийн аргаар

Хөрсний дундаж нягт

Ялзмагийн дундаж aгууламж, хувь

1

Нөмрөг

   14.0

6.42

0.680

1.482

2.96

2

Баян хайрхан

    12.8

6.48

0.370

1.522

4.73

3

Түдэвтэй

    8.9

6.32

0.530

1.591

3.70

4

Цагаан хайрхан

   45.0

7.70

0.519

0.924

0.52

5

Цагаан чулуут

    34.6

7.30

0.615

0.926

0.46

6

Шилүүстэй

   30.3

7.36

1.017

0.888

0.82

7

Отгон

   23.2

7.25

0.993

0.893

0.95

 

  1. Хөрсний урвалын орчин

Хөрсний уусмал дахь устөрөгчийн ионы хэмжээг аравтын урвуу логарифмаар илэрхийлсэнийг хөрсний хүчиллэг буюу pH гэнэ. Устөрөгчийн ионы хөрсөн дэх байрлалаас хамаарч хүчиллэгийг идэвхитэй ба нөөц гэж ангилдаг. Нөөц хүчиллэгийг солилцох ба гидролит (усан) гэж бая ялгана.

Хөрсний pH-ийг тодорхойлохдоо түүнийг усаар ба давсны уусмалаар зайлу хольцыг бэлтгэнэ. Усаар зайлсан уусмалынхыг идэвхитэй хүчиллэг, харин давсаар зайлсан уусмалынхныг солилцох хүчиллэг гэнэ. Солилцох хүчиллэг нь идэвхитэй хүчиллэгээс ямагт бага байна. Солилцох хүчиллэг нь хөрсийг шохойжуулах шаардлагыг тогтооход чухал ач холбогдолтой. Хөрсийг бордоход солилцох хүчиллэгийг заавал тооцоолох шаардлагатай.

Судалгаанд хөрсний рН-ийг тодорхойлохдоо  хөрсний дээжийг 0- 5, 5-10, 10-20 см гэж үелэн авч  потенциометрийн аргаар тодорхойлсон болно.                

7 цэгийн 93 дээжинд хөрсний урвалын орчныг тодорхойлсон байна. Хяналт шинжилгээний дүнгээс харахад 18,3 хувь нь хүчиллэг, 52,7 хувь нь шүлтлэг, 29 хувь нь саармаг орчинтой байна.

  1. Давсжилт:

Хөрсөнд агуулагдаж байгаа усанд уусамтгай буюу хялбар уусах ионуудын хэмжээг хөрсний давсжилт гэнэ. Хялбар уусах ионд дараах 8 ион багтана. Үүнд:

Анионууд:     CО32-,  HCО3-,  Cl-, SО42-

Катионууд:    Cа2+,  Мg2+, Nа+, К+

Бүх хөрснүүд тодорхой хэмжээгээр давсжилттай байдаг. Харин давсжилтын нийт хэмжээ буюу хуурай үлдэгдэл 0.25 %-иас их болсон тохиолдолд давстай хөрс гэж үздэг. 

Гүний ус гадаргад ойрхон оршиж, ууршилт угаагдлаас их байх нөхцөлд хөрсний тодорхой хэсэгт хялбар уусах давс хуримтлагдах үйл явц ихэсдэг. Жилийн хур тунадасны нийлбэр 500 мм-ээс бага газар давсархаг хөрс тархдаг. Давсны найрлагаар нь соодын, хлор-сульфатын, сульфатын, бикарбонатын гэх мэт ангилна.

Хуурай үлдэгдэл, цахилгаан дамжуулах чанар гэсэн 2 үзүүлэлтээр давсжилтыг тодорхойлдог.  Бүх хөрснүүд тодорхой хэмжээгээр давсжилттай байдаг.

Завхан  аймгийн хөрсний цөлжилтийн мониторингийн талбайн 31 зогсоол цэгийн хөрсний дээжийг 0- 5, 5-10, 10-20 ,30-50, 60-80 см гэж үелэн авч хөрсний давсжилтийг 108 дээжинд цахилгаан дамжуулах чанар dS\m, болон хуурай үлдэгдэл%, аргуудаар  тодорхойлсон.

 Судалгаанд хамрагдсан 31 цэгийн 108  дээжний 22,6 % нь их, 32.2% дунд, 19.4 % бага, 25.8% давсжилтгүй байна. Отгон сумын Хужирт багийн Овоот толгой цэг нь 40-60 см гүнд давсжилттай.

Шилүүстэй сум: Баян улаан багийн Уулын өвөр, Сайхан багийн Хатуугийн эх, Чандмана багийн Шилүүстэй уул цэгүүд нь 30-60 см гүнд

Цагаанчулуут сум: Дэлгэр багийн Хөшгийн ар хоолой,Баян хайрхан багийн Доод хавтгай, Арц багийн Арцын өвөр цэгүүдэд 20-70см гүнд

Цагаанхайрхан сумын Баян булаг сумын Хар хужирт, Цэцэрлэг сумын Гурван өтөг цэгүүд 20-10,70-90 см гүнд

Нөмрөг сумын Нуур багийн Хүзүүвч цэгт 30-50см давсжилттай.

Баян хайрхан сум: Минж багийн Дугуйн Өвөр, Төөнт багийн Цагаан Өтөг, Асгат багийн Шувууны бааст цэгүүдэд 60-90см гүнд

Түдэвтэй сум: Ойгон багийн Баян айраг 20-40 см, Цорго багийн Баруун аргалант 60-80 см гүнд хөрсний давсжилт их байна. Хур тунадас бага, ууршилт их, бэлчээрийн даац хэтрүүлсэн,мөн нуурын ойролцоо зэрэг нь хөрс давсжих үндсэн шалтгаан болж байна.

  1. Хөрсний агрегат бүтэц

Хөрсний эгэл жижиг хэсгүүд шим бодис болон коллойдуудын нөлөөгөөр хоорондоо наалдаж барьцалдах жижиг бөөнцөрүүдийг үүсгэснийг хөрсний бүхэлшилт буюу хөрсний агрегат бүтэц гэнэ. Хөрсний агрегат бүтэц нь хөрсний үржил шимийн нэг чухал шинж юм. Агрегатын хэмжээгээр бүтцийг 0.25 мм-ээс бага хэсгийг микро ба түүнээс томыг  макро гэж нэрлэнэ. Агрономын үүднээс 0.25-10 мм хэмжээтэй үрлэн ба  бөөмөн мөн түүнчлэн усны үйлчлэлд  бат бэх, хангалттай  сүвшилттэй бүтэц сайнд тооцогдоно. Хөрсний агрегат бүтцийн хэмжээг тодорхойлохдоо хуурайгаар шигшдэг ба ус даах чадварыг шигшүүртэй хөрсөө усанд булхуулж тодорхойлно. Хөрсний бүтэц ба агергат хоорондоо төсөөтэй ойлголт юм. Нэлээд хэдэн агрегатууд нэгдэж бүтцийг үүсгэнэ. Хөрсний агрегатыг мөн бүхэлшилт гэж нэрлэдэг. Хөрсний агергат бүтцийг хуурай шигшүүрийн аргаар хийв.

31цэгийн 93 дээжинд хөрсний агрегат бүтцийг тодорхойлох шинжилгээ хийсэн байна. Хөрсний агрегат бүтцийг хуурай шигшсэн аргаар тодорхойлж бүтцийн үнэлгээг Н.И. Савиновийн аргаар үнэлсэн болно. Хөрсний хяналт шинжилгээний дүнгээс харахад 37.6 хувь онц сайн, 7.5 хувьсайн, 10.8  хувь  хангалттай, 31.2 хувь хангалтгүй, 12.9 хувь муу гэж үнэлэгдсэн байна.

 

  1. Хөрсний нягт

 

Хөрсний нягтшил ихэвчлэн түүний өнгөн хэсэгт үелэн үүснэ. Ялангуяа бэлчээрийн хөрс малын хөлийн гишгэгдэлээр бүтцээ алдан жижиг ширхэгүүдийн хоорондох зай багасч чигжигдэн хатуурах үзэгдлийг хөрсний нягтшил гэнэ. Хөрс нягтаршсанаар сэвсгэр сийрэг байдлаа алдан, эзэлхүүн жин нь ихэсч улмаар хөрсний ус нэвтрүүлэх чадвар, микробиологийн үйл ажилгааны идэвх суларч ургамлын үндэсний тархалт хумигдана. Хөрсний нягтшил үүснэ гэдэг бол түүний доройтолын илэрхийлэл юм. Байгаль дээр нийцээрээ байгаа нэгж эзэлхүүн дахь хөрсний жинг (нэг см3 хөрсний жинг) хөрсний нягт  гэнэ. Хөрсний нягтыг  г/см3, т/м3-ээр илэрхийлдэг. Хөрсний нягт нь түүний найрлагаас хамааран хэлбэлздэг бөгөөд ойролцоогоор ~1,0-1,8 гр/м3  байна.

Хөрсний нягтыг 31 цэгт 0-5 см, 5-10 см, 10-20см гүнд зүсэлт хийж тодорхойлсон байна. 93 хөрсний дээжний шинжилгээний дүнгээс харахад нягт хагалгааны давхарга 4.4, нягтавтар хагалгааны давхрага 20, органик бодисоор баялаг, ширэгжсэн, хөвсгөр хөрс 60, хагалгааны доод нягт давхарга 20, шилжилтийн маш хатуу давхарга 13.3, ширэгт хөрсний давсархаг давхарга ба элсэнцэр хөрс 2.3 %  байна.                              

  1. Ялзмагийн агууламж:

Ялзмагийн агууламжийг Тюриний аргаар тодорхойлов.Ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдий чинээ их ялзмаг байна, төдийн чинээ ус, агаар, дулаан, физик-механикийн шинж чанар сайн байна.Монгол орны хөрс ерөнхийдөө ялзмаг бага, хөрсний ялзмагийн хэмжээ, хөрсний хэв шинж, дэд хэв шинж, төрөл зүйл, дүрс зэргээс хамааран харилцан адилгүй байдаг. Ялзмагийн агууламжийн хэмжээ хөрсний хэв шинж, дэд хэв шинж, тэдгээрийн дотор механик бүрэлдэхүүнээс хамаарч нэлээд хэлбэлзэлтэй байна.

Судалгаанд хамрагдсан 7 сумын хувьд хөрсний ялзмагийн агууламж 0.17 -10.17 байна. Шинжилгээний дүнгээс харахад өндөр агууламжтай нь Түдэвтэй сумын Цорго багийн Баруун аргалант зогсоол цэгийн 0-5см 10.17 % хамгийн бага үзүүлэлт нь Нөмрөг сумын Нуур багийн Хүзүүвч цэг 5-10, 10-30 см 0,17% байна. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна.

Завхан аймгийн хөрс нь нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ.

Энэхүү судалгааны ажлыг 2011 оноос хийж эхэлсэн билээ. Завхан аймгийн хэмжээнд нийт 108 цэгт 5 жил тутамд цөлжилтийг үнэлэх хөрсний анхан шатны хяналт шинжилгээний ажлыг хийж байна. 2011-2015 онуудад аймгийн бүх сум багийн түвшинд  хяналт шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн болно. 2016 оноос 2 дахь хөтөлбөрт судалгаа хийгдэж байна.

Хөрсний судалгааны ажлыг тогтмол  хийснээр:

  • Аймаг, сум багийн түвшинд мэдээллийн сан үүсч судалгаа хийх, мөн цаашдын үр дүнг загварчлах боломжтой болно.
  • Шийдвэр гаргагч түвшинд  бодлого төлөвлөлт, боловсруулах түвшинд суурь  мэдээллээр хангах, бодит мэдээллээр үйлчлэх, улмаар  цөлжилтөөс урьчилан сэргийлэх арга хэмжээг авах нөхцөлийг  бүрдүүлнэ.

Цөлжилтийг үнэлэх хөрсний анхан шатны хяналт шинжилгээгээр  хөрсний зүсэлтийн морфлоги бичиглэл, хөрсний ялзмагийн агууламж, хөрсний ялзмагт давхаргын зузаан, хөрсний урвалын орчин, давсжилт, өнгөн хөрсний эвдрэл, хөрсний гадарга дээрх элсэн хуримтлалын хэлбэр, зузаан, хөрсний шугаман эвдрэл, хөрсний агрегат бүтэц, хөрсний нягт, хөрсний ус нэтрүүлэх чанар зэрэг 11 үзүүлэлтийг тодорхойлдог. Эдгээр  үзүүлэлт тус бүр нь бэлчээр, ургамлын төрөл зүйл бүтэц, газрын доройтолтой  салшгүй нарийн нягт уялдаа холбоотой .

Цаашид шинжилгээний үр дүнг  ашиглан арга зүй, судалгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатай  байна. Хөрсний шинж чанарын хувьсал өөрчлөлтийг тухай бүрт нь судлахын тулд хөрөнгө мөнгө, хүний нөөцийг чадавхжуулах ажил шаарлагатай байна.

 

ТАЙЛАН БИЧСЭН: БОШЛ-ИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ

ИНЖЕНЕР, ЧАНАРЫН МЕНЕЖЕР                                    З.БАЛЖИННЯМ